МОСАХ нь Монголын вэб сайтууд /ААН болон бусад хуулийн этгээд, иргэний/ болон вэб сайт эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ бизнесийн боломж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт ажиллаж хууль эрх зүй, ёс зүйн стандартыг хангах, дэлхийн хөгжил, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах түүчээ болох явдлыг эрхэм зорилгоо болгон ажиллана. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, ил тод байдал, хууль ёсыг дээдлэх, санхүүгийн үйл ажиллагааны бүх төрлийн мэдээлэл нь гишүүдэд нээлттэй байх /шилэн данс/, аливаа улс төрийн нам, эвсэл хөдөлгөөн, сонирхлын бүлгээс хараат бус байж, эрхэм зорилгоо мөрдлөг болгон ажиллаж байна.

МОСАХ-ны зүгээс төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хэн бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Үүсэл

МОСАХ гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг анх 2009 онд zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, factnews.mn зэрэг сайтуудын захирлуудын санаачлагаар 2009 оны 10 сарын 29-ны өдөр анхны хурлаа хийж байгуулжээ. Улмаар 2011 оны 1 сард нэр бүхий сайтуудын оролцоотойгоор анхны чуулганаа хийж, УЗ-ийн гишүүнийг 11 байхаар тогтон zaluu.com, bolod.mn, olloo.mn, news.mn, shuud.mn, tsag.mn, medee.mn, mongolnews.mn, mass.mn, inet.mn guren.mn зэрэг сайтуудын удирдлагууд УЗ-ийн гишүүнээр сонгогдсон байна. Мөн энэ чуулганаар МОСАХ-ны Ерөнхийлөгчөөр zaluu.com сайтын Д.Дэлгэрмөрөнг, ЕНБД-аар guren.mn сайтын захирал С.Пүрэвсүрэн нарыг сонгожээ. Энэ үеэс МОСАХ-ны дэргэд Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөл, Мэргэжлийн зөвлөл ажиллаж эхэлсэн байна.


Шинэчлэл

2013 оны 2 сард МОСАХ-ны нэгдсэн чуулганыг зохион байгуулж, холбооны дүрэмд өөрчлөлт оруулан чуулганд нийт 89 сайтын удирдлагууд оролцон УЗ-ийг 21 гишүүний, ХЗ-ийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталж, салбар чиглэлүүд хариуцсан 5 дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх удирлагын төвшинд Ерөнхий нарийн бичгийн даргатай байхаар шийдвэрлэв. МОСАХ-ны Ерөнхийлөгчөөр mass.mn /тухайн үедээ/ сайтын захирал Ж.Жаргалсайханыг, дэд Ерөнхийлөгчөөр Ж.Жаргалсайханыг сонгож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Эрдэнэбулгыг томилон ажиллуулсан байна.


Хөгжил

МОСАХ-ны Удирдах Зөвлөлийн 21 гишүүнд Mass.mn, Caak.mn, Top.mn, Info.mn, Unen.mn, Undesten.mn, Shudarga.mn, Urlag.mn, Shuum.mn, Copy.mn, Banijg.net, Zarsonin.mn, Bankir.mn, Bolod.mn, Darkhantimes.com, Inet.mn, Fact.mn, Tsag.mn, Emegteichuud.mn, Ezone.mn, Emch.mn сайтуудын төлөөлөл сонгогдов. Хяналтын зөвлөлийн гишүүдээр Emneleg.mn, Secret.mn, Zone.mn, Dorgio.mn, Shock.mn сайтууд сонгогдлоо.

МОСАХ-ны Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ш.Нямбаяр (Ezone.mn), Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Цоожчулуунцэцэг (Shudarga.mn), Сургалт, хөгжил, олон нийт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Д.Баясгалан (Zarsonin.mn), Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл (Bolod.mn), Санхүү, гишүүнчлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга (Shuum.mn) нар тус тус сонгогдсон байна.


Дэвшил

2015 оны 1 сарын 24-нд Сити дээд сургууль дээр МОСАХ-ны хоёрдугаар чуулган болж бүтэц бүрэлдэхүүнийг шинэчиллээ. Тус чуулганаар МОСАХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулан Хяналтын зөвлөлийн 5 гишүүний тоог өргөтгөн 11 гишүүнтэй байхаар тогтон, МОСАХ-ны санхүү хариуцсан албан тушаалтныг Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр хариуцуулахаар болж, 5 дэд Ерөнхийлөгч нарт салбар хороодыг удирдуулан ажиллуулахаар тогтжээ. Холбооны дүрмийн дагуу чуулганаас сонгогдсон УЗ-ийн 21 гишүүд дотор сонгууль явуулж МОСАХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр /zone.mn/, Тэргүүн дэд ерөхийлөгчөөр Б.Мөнхдөл /bolod.mn/, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Ж.Жаргалсайхан /оntslokh.mn/, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга /Mnb.mn/, Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр А.Ариунгэрэл /caak.mn/, Бизнес хөгжил, төсөл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Батхүү /dorgio.mn/, Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Х.Уянга /emegteichuud.mn/, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Мөнхбаатар /ugluu.mn/ нарыг тус тус сонгон ажиллуулжээ.